У.Хүрэлсүх: Нийт нутгийн 50 орчим хувийг ойжуулвал ая тухтай амьдрах эко систем бүрдэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хаврын мод тарих өдрийн нээлтэд оролцож, Дамбадаржаа дахь “Нөхөрлөлийн ой” цэцэрлэгт хүрээлэнд 80 гаруй хүүхэд залуусын хамт мод тарилаа.

Манай улсын нийт нутаг дэвсгэрийн 8 орчим хувь нь ой. Цаашид нийт нутгийн 50 орчим хувийг ойжуулж чадвал ая тухтай амьдрах эко систем бүрдэнэ. Мод тарьж ургуулах нь цөлжилттэй тэмцэх хамгийн сайн арга гэж үздгээ Ерөнхийлөгч энэ үеэр хэлсэн юм.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, шар шороон шуурга, хөрсний доройтлоос үүдэлтэй сөрөг нөлөөллийг бууруулахад ойн экосистемийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдлын талаарх иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын ойлголт хандлагад ихээхэн өөрчлөлт гарч, мод тарьж ургуулж байгаад Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.

Цаашид айл өрх, албан байгууллага, аж ахуйн нэгж бүр өөрийн хашаа, газар, нийтийн эзэмшлийн зам талбайд мод тарьж ургуулан, орчноо ногооруулж, эрүүл орчинд ажиллаж амьдрахын төлөө улам хичээн зүтгэхийг уриалсан юм.

Ерөнхийлөгч мөн үеэр мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын тарьц суулгацын үзэсгэлэн худалдаанд оролцогчидтой уулзаж, хүүхэд багачуудтай хамт ой модны ач тус, үнэ цэнийг таниулах өртөөчилсөн аялал, “Ой яг…” сэдэвт танин мэдэхүйн сургалтад оролцов. 

2024 онд улсын төсвийн хөрөнгөөр дараах ажлыг хийнэ

-2.4 мянган га талбайг ойжуулах, нөхөн сэргээх, гол нууруудын татмыг ойжуулах зорилгоор 3.1 сая мод тарина.

-2.8 сая га талбайд ойн зохион байгуулалтын ажил хийж, ойн төлөв байдлыг үнэлнэ.

-Түймрийн 500 км халз болон шороон зурвас шинээр байгуулж, өмнө байгуулсныг сэргээнэ.

-330 мянган га талбайд ойн хөнөөлт шавжтай тэмцэн, 1.2 тэрбум модыг доройтолд өртөхөөс сэргийлнэ.

-1.3 мянган га талбайд ойн арчилгаа, цэвэрлэгээ хийнэ.

-130 га талбайд хамгаалалтын ойн зурвас байгуулна.

-Мод үржүүлгийн газруудад техник, тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлнэ.

-2023 онд салбарын хэмжээнд нийт 273 мянган га талбайд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил хийж, 960 сая модыг доройтолд өртөн, хатаж хуурайшихаас хамгаалж чадсан байна.

Жил бүрийн 5, 10 дугаар сард Бүх нийтээр мод тарих өдрөөр албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэд мод тарьдаг уламжлалтай.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Scroll to Top