Увс аймгийн Бөхмөрөн сумын тухай

Увс аймгийн Бөхмөрөн сум нь анх Бат-Ерөөлт Төгс хүлэг Ар жанжин далай хан Түмэндэлгэржавын хошуу гэгдэж байгаад төрийн болон орон нутгийн засаг захиргааны шинэчилсэн зохион байгуулалт хийгдэж Төгсбуянт уулын хошууг 5 сумтайгаар байгуулахад баруун захын “Хойлгийн ширэг” гэдэг газар 1924 онд Баянмөрөн нэртэйгээр байгуулагдаж, сумын анхны даргаар Төтөөн Цэрэн Томилогдон ажилласан түүхтэй.

            Тухайн үеийн Баян-Мөрөн сум нь одоогийн Увс аймгийн Бөхмөрөн, Ховд сум, Баян-Өлгий аймгийн Ногооннуур болон Цагаан нуур хорооны нутгийг бүхэлд нь хамарсан 801,9 мянган га газар нутагтай, 11 багийн 700 өрх, 3600-аад хүн амтай, 116,0 мянган толгой малтай байсан бөгөөд сумын төвийг 1925 оны 9 дүгээр сард нүүлгэж Бөхмөрөн голын “Хоёр харгайн ам” хэмээх газар суурьшуулсан боловч 1931 онд дахин нүүж байшинт уулын “Гануу”-д байрлаж байгаад 1940-өөд онд одоогийн сумын төв байгаа “Байшинт” уулын баруун үзүүрт төвлөрөн суурьшжээ.

             Хожим засаг захиргааны шинэ зохион байгуулалтаар Бөхмөрөн сумын 8,9,10,11 дүгээр багийг Увс аймгийн Ховд суманд 1,6 дугаар багийг Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд тус тус харъяалуулжээ.

         Одоогийн Бөхмөрөн сум нь 3 баг 2299, 147636 мянган толгой малтай ба хойд талаараа Оросын холбооны Бүгд найрамдах Тува улс, баруун талаараа Баян-Өлгий аймгийн Ногооннуур, зүүн талаараа Увс аймгийн Сагиль сум, Түргэн сум Улаангом сумын 4-р баг, урд талаараа Ховд сумтай тус тус хиллэдэг. Улаанбаатар хотоос 1516 км, аймгийн төвөөсөө 180 км зайд оршдог. Сумын төв байшинт нь далайн түвшнээс дээш 1498 м өндөрт байрладаг, эрс тэс уур амьсгалтай, зундаа маш их халуун, ялаа шумуул ихтэй улмаас сумын төвийн айлууд 70 км хол нүүж зүүн шилийн ууланд гарч зусацгаадаг.

           Бөхмөрөн сумын нэг онцлог бол Ардын хувсгалын баруун бүсийн өлгий нутаг бөгөөд түүхийн дурсгалт газар олонтой. Түрэгийн үеийн олон тооны хүн чулуу хөшөө, Ачит нуурын “Тасархай хад” -ны сүг зураг, Байшинтын хүн чулуу хөшөө, “Шанага”, “Нар”-ны бичээст хөшөө, олон арван хиргис үүр зэргийг дурьдаж болно. 20 дугаар зууны эхээр Байшинтад “Оросын Кузловын”, “Хятадын раашийн” гэсэн худалдаа арилжааны хоёр том пүүсийн салбар ажиллаж байжээ.

         1921 онд Ардын журамт цэргийн хорооны дарга Ц.Хасбаатарын анги Бөхмөрөн сумын нутагт төвлөрч олон арван эрчүүдийг цэрэгт элсүүлэн “Байшинт”, “Мөргөц”, “Хүвийн хоёр улиас”, “Усан хоолой” зэрэг газруудад Цагаантны цэргүүдтэй тулалдан бут цохиж байсан түүхтэй юм. Мөн Баян-Өлгий аймгийн Толбо нуурын тулалдаанд Бөхмөрөн сумын харъяат олон дайчид оролцсон учраас Бөхмөрөн сум Ардын хувьсгалын партизан, ахмад дайчид олонтой.

Scroll to Top