“Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрт 18840 хүүхэд хамрагдаж эхэллээ

БШУЯ,  Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон холбогдох төрийн байгууллагууд хамтран “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ.

Хөтөлбөрт нийслэлийн ерөнхий боловсролын 12 сургуулийн бага, дунд, ахлах ангийн 18840 хүүхэд хамрагдаж 7 хоногийн 3 өдөр “Д” амин дэмээр баяжуулсан сүү ууж байна. 

БШУЯ, Жайка олон улсын байгууллагатай хамтран ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоол хөтөлбөрийг дэмжих төслийн хүрээнд “Бага ангийн сурагчдын хоол тэжээлийн байдал”-д судалгаа хийхэд эрдэс, амин дэмийн дутагдал, ясны сийрэгжилт өндөр хувьтай гарсан. Энэ нь шим тэжээллэг хоол хүнсийг хангалттай хэмжээнд авч чадахгүй байгааг харуулж байна. Тухайлбал, сүү сүүн бүтээгдэхүүний хэрэглээ 3-4 дахин бага байгаа нь кальци болон “Д” амин дэмийн дуталд орж  яс сийрэгжих, тархины хөгжил буурах, шүд цоорох зэрэг өвчлөлийн суурь болж байгаа юм. Тиймээс дээрх зорилтот хөтөлбөрийг нийслэл, дүүрэг, эцэг эхийн хамтын оролцоотой хэрэгжүүлж эхэлжээ. Хөтөлбөр хэрэгжүүлэхэд гарч буй зардлын тодорхой хэсгийг сурагчдын эцэг эх, асран хамгаалагчид гаргаж байгаа. Тэд энэхүү ажлыг эрүүл мэндэд тустай зөв зүйл хэмээн талархан хүлээж авч байна. 

Дундговь аймгийн ЗДТГ “Сүү” хөтөлбөрийг хэрэгжүүлж ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхэд багачууддаа сүү өгч эхэлсэн нь “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэх эхлэлийг тавьжээ.  

Боловсрол, шинжлэх ухааны яам “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийг цаашид улсын хэмжээнд ерөнхий боловсролын бүх сургуулиудад хэрэгжүүлэхэээр зорьж байгаа бөгөөд аймаг, нийслэл, дүүргийн ЗДТГ, эцэг эх асран хамгаалагчдыг дэмжлэг чухал тул бүх нийтээрээ хамтран ажиллахыг уриалж байгаа юм. 

Амин дэмээр баяжуулсан сүү ууснаар:

-Бие махбодын дархлаа, эд эс, ясны хэвийн өсөлт хөгжилтийг дэмжих, 

-Тархи, мэдрэлийн үйл ажиллагааг сайжруулах

-Бие махбодын өсөлт хөгжилд зайлшгүй шаардлагатай үл орлогдох амин болон тосны хүчил, аминдэм А, С, Д, В12, рибофлавин, кальци, фосфор, кали, магни, цайр зэрэг чухал шимт бодисын хэмжээ нэмэгдэж, шүдний өвчлөл буурах өндөр ач холбогдолтой бөгөөд дархлаа нэмэгдсэнээр сурах идэвх сайжирна хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. 

Scroll to Top