Монголд ирсэн жуулчид ес хоногт дунджаар 1463 ам.доллар зарцуулдаг

Аль улсын жуулчид манайд илүү аялдаг талаар Үндэсний статистикийн хорооноос дараах мэдээллийг хүргэж байна. Жил бүр манай хөрш улсууд болох ОХУ, БНХАУ-аас хамгийн олон жуулчин ирдэг. Сүүлийн 10 жилийн тоон үзүүлэлтийг харвал, цар тахлаас өмнө БНХАУ-аас жилд 130 орчим мянга, харин ОХУ-аас 80 мянга орчим жуулчин Монгол Улсад аялахаар ирж байжээ.

Харин жагсаалтын дараагийн байруудад Өмнөд Солонгос, Япон, АНУ, Казахстан, Герман, Франц, Австрали, Их Британийн жуулчид жагсаж байна.

Монгол банкны судалгаанд дурдсанаар, Монголд ирсэн жуулчид ирсэн улс орноосоо хамаарч зардал нь харилцан адилгүй дунджаар 9 хоногт 1463 ам.доллар зарцуулдаг байна.

Мөн жуулчдын 56% нь жуулчны компаниар үйлчлүүлдэг бол 44% нь хувиараа аяллаа зохион байгуулдаг юм байна.

Манай улсад 2022 оны эхний хагас жилийн байдлаар 73.7 мянган жуулчин иржээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 6.4 дахин өссөн үзүүлэлт бөгөөд цар тахлын өмнөх үе буюу 2019 оны эхний хагас жилтэй харьцуулахад 66.1 хувиар буурсан үзүүлэлт юм.

Эх сурвалж: Gogo.mn О.Хандмаа

Scroll to Top