ЗӨВЛӨГӨӨ: Харшлаа дур мэдэн эмчлэх нь хүндрэх эрсдэлийг нэмэгдүүлнэ

  Гаднын бодисын эсрэг хүний бие махбодын дархлалын тогтолцоо хэт мэдрэг хариу урвал өгөхийг харшил буюу аллерги гэнэ. Дэлхий дахинд харшилтай хүний тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Өндөр хөгжилтэй орнуудад хүн амын 20-30 хувь нь харшлын ринит, 8-10 хувь нь гуурсан хоолойн багтраа, 10-20 хувь нь харшлын гаралтай арьсны төрөл бүрийн өвчтэй болж байна.

      Манай улсад ургамлын харшил хамгийн түгээмэл байдаг. Наймдугаар сард хөл газрын ургамлын буюу шарилж агаарт тоосоо гөвдөг оргил үе нь явагдаж байгаа. Хамгийн их агаарт тоосоо гөвдөг үе нь долдугаар сарын 20-ноос наймдугаар сарын 20-ны өдөр хүртэл үргэлжилдэг байна. Есдүгээр сар гэхэд ургамал хатаж хүмүүсийн харшлын шинж тэмдэг намждаг. Мөн V,VI,VII дугаар саруудад харшил нь нь хөдөлдөг хүмүүс модлог ургамлын болон үетэн ургамлын харшилтай хүмүүс байдаг.

ХАРШЛЫН ШИНЖ ТЭМДЭГ

         Хамар битүүрэх, нүд загатнах, усан нус гоожих, найтаалгах зэрэг зовуурь зуны саруудад ургамлын тоосны дэгдэлтийн үед илэрдэг. Энэ бол амьсгалын харшлын эхний шинж тэмдэг.

ХАРШИЛ ҮҮСЭХЭД ГЭНИЙН БОЛОН ГАДААД ОРЧНЫ ХҮЧИН ЗҮЙЛС НӨЛӨӨЛДӨГ

Үүнд:

• Ургамлын тоос тоосонцор

• Сул шороо,тоос

• Нар,хэт халуун хүйтэн агаар

• Хоол хүнс(цитрус,өндөгний шар)

• Ахуйн хэрэглээний бодис

• Гэрийн тэжээвэр амьтан

• Гоёл чимэглэл

• Эмийн бодис гэх мэт

ХАРШЛААС ХЭРХЭН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВЭ

 Хүний дархлаа муудах үед харшил улам даамжирдаг бөгөөд хоол хүнс,сэтгэл санаа,хүрээлэн буй орчин нөлөөлдөг. Ийм учир хавар, намрын  улиралд чийгтэй цэвэрлэгээг тогтмол хийж, агаарын солилцоог сайжруулан цэвэр агаарт гарах,сайн унтаж амрахыг зөвлөж байна.

        Мөн танд харшлын ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд дур мэдэн эмчилгээ хийхгүй байх. Эмнэлэгт хандаж, харшлын сорил тавиулж, өөрт тохирох эмчилгээг хийлгээрэй.

Scroll to Top