Д.НЯМЖАВ: ЧИНГИС ХААН МУЗЕЙГ БИД МОНГОЛЧУУДЫНХАА БАХАРХАЛ, ОМОГШЛЫН ТӨЛӨӨ БҮХНЭЭ ЗОРИУЛАН ЗҮТГЭЖ БҮТЭЭСЭН

Чингис хаан музейг хэрхэн бүтээн босгосон талаар тус музейн Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Нямжав “Чингис хааны музейг барьж ашиглалтад оруулах гэж юм юм л өрнөсөн. Одоо эргээд бодохоор тэр хүнд хэцүү үеүдийг яаж даван туулж чадсан юм бол гэж өөрсдөөсөө асуумаар санагддаг. “Ажлаа  л зогсоож болохгүй юм шүү” гээд сэтгэл зүтгэл нийлсэн залуус гар нийлээд л зүтгээд байдаг. Шөнө ажлаа хийж байтал нэг хоёр эрэг, боолт дутчихна. Тэр нь л байхгүй бол дараагийн ажлууд дагаад зогсчихно. Үүнээс болоод төлөвлөгөөт ажлуудаа хийж чадахгүй болчихно гэсэн үг. Тиймээс гар утсан дээрээ зургийг нь дарж аваад тал тал тийшээ эрэлд гарна. Ид бүтээн байгуулалтын үед коронавирусийн хөл хориотой байсан тул бүх дэлгүүр, хоршоо хаалттай, хил хаалттай болохоор зарим зүйлийг олоход үнэхээр хэцүү байсан. Унтаж байгаа хүмүүсийг сэрээгээд л өвсөн дотроос зүү хайж байгаа юм шиг л юм болно.

        Нэгнээс нь нөгөөх рүү сураглаж явсаар хаа байсан хол гэр хорооллын айлын гадаа очоод амбаар савны ёроолд буй барааны үлдэгдлийг хамт ухаж байгаад ч хамаагүй эрлээ олно. Бөөн баяр хөөр болоод л эргээд давхина шүү дээ. Ажлаа зогсоохгүйн төлөө тэгж эрвийх дэрвийхээрээ зүтгэж байхад  биднийг сошиал орчинд харааж, зүхэж, элдвээр доромжилно. Ёстой л шүүрэн шанага шиг болтлоо буудуулчихсан юм шиг л санагдана. Гэвч “Та нар тэгж л бай. Музей ашиглалтад орохоор ингэж ярьж, бичихгүй болно. Тэр үед “Биднийг магтана. Бас юуны төлөө ингэтлээ улайран зүтгэцгээж байгааг минь  ойлгоно доо” гэсэн бодол бидний сэтгэлд төрдөг байлаа. Ингэж л  төрт улсынхаа  үүх түүхийг агуулсан баялаг ховор сан хөмрөгтэй музейтэй болсон юм шүү дээ. Өнөөдөр Монгол Улс нүүр улайхааргүй сайхан музейтэй болсон гэж ам бардам хэлнэ” гэж ярьсан юм. Түүнтэй Чингис хаан музейг хэрхэн бүтээж бий болгосон талаар хөөрөлдлөө.

МУЗЕЙН НЭГ ҮЗМЭРИЙГ ГАРГАЖ ТАВИХАД 24-28 ШАТ ДАМЖЛАГА ДАМЖДАГ

Хоёулаа Чингис хаан музей хэрхэн бүтсэн тухай ярилцъя. Олон нийтэд харуулсан анхны макетаас эхлээд Байгалийн түүхийн музейн барилгыг нураахгүй, нураахгүй байсан юм гэх жагсаал хүртэл хийсэн. Араас нь ковид хөл хорио залгасан гээд хэцүүхэн цаг үеийг туулж байж бүтсэн музей. Тэр бүхнийг хэрхэн даван туулсан бэ гэдгийг нууж хаалгүй сайхан яримаар байна?

                   -Чингис хаан музейг байгуулна гэх Засгийн газрын шийдвэр гарсан тэр үеэс л маш их маргаан дагуулсан ажил эхэлж байлаа. Одоогийн музей байгуулсан энэ газар дээр Байгалийн түүхийн музей үйл ажиллагаа явуулдаг байсан. Музей байрлаж байсан хуучин Хөдөө аж ахуйн техникумын байшинг эртний түүх дурсгалын барилга гээд л хүмүүс талцаж хуваагдаад бөөн хэрүүл болсон. Барилгыг нурааж байхад иргэд ирж жагсаал хүртэл хийж, нураасны дараа яаж барих вэ, барьсны дараа музейд тавих олдвор үзмэрүүд юу байх вэ гээд л амтай болгон муулж, эсэргүүцэж байлаа.

        Музей байгуулах тухай шийдвэрийг тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар 2019 оны долдугаар сарын 3-нд гаргаж, музейн захирал академич С.Чулуун есдүгээр сарын 16-нд анхны үзэл баримтлалыг Соёл, урлагийн зөвлөлд танилцуулсан байдаг. 2020 оны дөрөвдүгээр сарын 2-нд шав тавьж байхад нь хүмүүс маш их улстөржүүлж, эсэргүүцэл илэрхийлж, лоозон барьчихаад, жагсаж байв. Би бол тэр үед байгаагүй хожим энэ бүгдийг мэдэж авсан. Нэг талаасаа иргэдийн эсэргүүцлийг зөв гэж үзэж болно. 1990 оноос хойш манайхан бүтээн байгуулалт хийнэ гээд маш олон дурсгалт барилгуудаа нураасан мөртлөө шинэ бүтээн байгуулалт хийлгүй, газрыг нь нөлөө бүхий хүмүүс хувьдаа завшдаг, хувийн компанийн оффисын барилга барьж ирсэн. Үүнээс болж иргэдийн итгэл алдарчихсан байв. Тэр үүднээс хардаж, бухимдаж, эсэргүүцэж байсан ч бид одоо анхны зорилго ёсоороо сайхан музейтэй болчихоод сууж байна.

-Шүүмжлэл дагуулсан ажлыг эхлүүлнэ гэдэг том даваа. Та хэдийг чухам ямар орчин угтав?

        -Маш шахуу хуваарийн дагуу ажилласан даа. Барилгыг ердөө 1.6 жилийн хугацаанд барьж дуусгаад л дотор заслын ажилд орсон. Музейн хамгийн том ажил бол үзүүлэн дэглэлт юм. Танхим тус бүрд музейн ажилчдаа хуваагаад өндөр зохион байгуулалттай ажилласан. Музейн нэг үзмэрийг гаргаж тавихад 24-28 шат дамжлага дамждаг гээд л бод л доо. Одоогийн байдлаар Чингис хаан музейд 10 мянга гаруй үзмэр дэлгэгдээд байна. Тэгэхээр багадаа 240 мянган шат дамжлагын дараа үзмэрүүд бэлэн болсон гэсэн үг. Нөр их ажил. Үзэл баримтлалыг сайн боловсруулсан учир дэглэх явцад цалгардах, хэрхэх тухай асуудал үүсэх нь бага байсан.

     Цар тахал гээд хүмүүс гэртээ хоригдож байхад музейн ажилчид ид ажиллаж байлаа шүү дээ. Барилга дуусаад л бүх юм болчихно гэдэг ойлголт байхгүй. Тоос шороо пургисан цэлийсэн хоосон танхимууд биднийг угтаж байв. Одоо л ийм цэвэрхэн саруулхан танхимууд байгаагаас биш, тэр үед будгийн үнэр толгой өвтгөж, цемент бургисан газар л байлаа шүү дээ. Ажилчид хэн нь хэн гэхгүй бүгд л цэвэрлэгээний ажилд орж, эхний ээлжинд барилгыг нийтэд нь цэвэрлэж, тохижуулж авлаа. Бүгд өдөр, шөнөгүй ажиллаж байсан. Анх захирал С.Чулуун томилогдон ганц ч ажилтангүй эхэлж байсан тэр үеийг бодвол өнөөдөр 100 гаруй ажилтан бужигнасан орд өргөө болоод байна.

   Цар тахлын хүнд үе байсныг ч хэлэх үү, хил гааль хаалттай, ёстой л юм эд ховор байсан үе. Барилгын материалын дэлгүүрүүд тэр чигтээ хаачихсан.  Хов хоосон цэлийсэн танхимуудын хаана нь юу хийх вэ, ямар утга агуулга шингээх вэ, хэрэгтэй эд материалаа хаанаас, хэрхэн олж авах вэ гэдгээс л бидний ажил эхэлсэн дээ.

      Музейд тавих олдворууд байгаа ч үзмэрүүдийг чинь зүгээр энд тэнд аваачаад тавьчихдаг юм гэж байхгүй шүү дээ. Бид дэлхийн стандартын дагуу ажиллаж байгаа бол түүндээ хүрэх ёстой. Хамгийн наад захын жишээ дурдахад л олдвор боох цаасыг хүртэл яг л стандартын дагуу сонгох ёстой. Энэ музей яг тэгж л барьсан. Чингис хаан музейд өнөөдөр стандарт бус багаж, хэрэгсэл, фонд, үзүүлэн дэглэлт гэж байхгүй. Бид деталь бүр дээрээ маш нарийн, яг стандартын дагуу ажилласан. Нэг давхарт нь нэг өнгийн дэвсгэр дэвссэн бол нөгөө давхарт нь яг л тийм өнгийн, тийм материал хийцтэйг дэвсэнэ. Гэтэл нэг юм их хэмжээгээр олдохгүй, ижлээрээ байна гэж байхгүй. Заримдаа бүгд гутардаг л байлаа.  Байхгүйн зовлон, хясахын зовлонг бид алхам тутамдаа мэдэрч, энэ музейг байгуулсан даа. Хил хаачихсан, бүх дэлгүүр хоршоо хаалттай. Шөнө дөл хүртэл ажлаа хийж байгаа хүмүүс чинь түүнийг нь олж л байж дараагийн ажилдаа орно шүү дээ. Тэгээд л тал тал тийш эрэлд гарна. Тэр байтугай нэг эрэг, шураг дутахад л эхлүүлсэн бүх ажил зогсоно гээд бод. Байнга ажлаа төлөвлөж, өдөр бүр, орой болгон захирлын өрөөнд маргаашийн ажил, нөгөөдрийн төлөвлөгөөгөө ярилцдаг байсан. Бид яг л зорьсондоо хүрч, стандартад нийцсэн музей байгуулж чадсан. Музейн дурсгалуудыг дэглэх үеэр үнэт ховор дурсгалуудыг гэмтээх вий гэж их болгоомжтой хандсан. Нэг талаараа маш эрсдэлтэй ажил шүү дээ. Энэ ажил бүтэхгүй бол яах вэ гэдэг айдастай байлаа. Тухайлбал, ард түмэн бидний хийсэн ажлыг ойлгохгүй бол яах вэ, үзэгчгүй байх вий гэдэг л хамгийн том айдас байсан даа. Нөгөө талаараа бидэнд алдах эрх байгаагүй. Дотоод дэглэлтэд ямар их бэрхшээл, цаг наргүй зүтгэл, хясал байсныг хүмүүс тэр бүр мэдэхгүй учир үүнийг дурсаж байгааг ойлгоорой.

-Олон хүний ур ухаан шингэсэн гэдэг нь харагдаж байна. Музейн зохион байгуулалтын талаар мэдээлэл өгөөч?

        -Музей одоо 100 гаруй ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна. Нүүдэлчин ахуйг харуулсан дэлхийн анхны музейг байгуулсан ч, интерьер дизайны хувьд орчин цагтай хослуулсан. Есөн давхар барилгын найман давхар нь тэр чигтээ музейн үзмэрүүд байна. Одоогоор зургаан танхимд үзмэрүүдээ дэлгэсэн байна. Орон сууцны барилгын зориулалтаар бол 14 давхартай тэнцэх бүтээн байгуулалт. Нэгдүгээр давхарт бүртгэл, мэдээллийн хэсэг бий. Мөн музей хэрхэн бүтсэн түүхийг гэрэл зургаар танилцуулсан. Музейн үзмэрүүдийг дуурайлган хийсэн бэлэг дурсгалын дэлгүүрийг ч энд байгуулсан. Хоёрдугаар давхарт музейн ажилчид байрлаж байна. Гуравдугаар давхраас наймдугаар давхар хүртэл үзүүлэнгийн тахимууд бий. Есдүгээр давхарт Их эзэн Чингис хааны долоон метр өндөр алтан баримлыг байрлуулахаар бэлдээд байна. Тус баримлыг Итали Улсад хийлгэж байгаа. Эртний төрт улсын хаад, язгууртны танхим, Монголын эзэнт улсын хаад язгууртны танхим, Чингис хааны эзэнт улс Их Монгол танхим, Чингис хааны угсаатны хаад, язгууртны танхим, Дэлхийн түүхэн дэх монголчууд буюу Монгол бахархлын танхимуудад үзмэрээ дэлгээд байна. Манай музейг үзсэн хүмүүс дундаас би лав өнөөдрийг хүртэл уйдаж, ядарч сульдсан гарч байгаа хүн үзээгүй. Дор хаяж 3-4 үзчихээд бүгд л инээд хөөр болчихсон гарч байгаа нь бидний хамгийн том үнэт зүйл болж байна.

     Шилэн хоргонд байрлуулсан 2000 жилийн тэртээх оршуулгын зан үйлийг ч бид яг л тэр олдсон газарт байсан мэтээр дүрслэн хийсэн нь хүмүүсийн анхаарлыг татаж байх шиг байна. Тухайн үед хэрэглэж байсан ваар сав, үнэт эдлэлүүд яг эх үзмэрээрээ байна гэхээр өөрийн эрхгүй огшмоор. Чингис хааны үед тахидаг байсан Төрийн их хар, цагаан сүлд ч үзмэрийн танхимд бий. Түүнчлэн Их хааны хөргийг анх удаа бүтэн биеэр нь зурж залсан. Тус хөргийг таван метр өндөр, гурван метр өргөнтэй дэлхийн брэнд болсон ноолуураар урласан. Мөн Хүннүгийн Шаньюй нарын явдаг байсан сүйх тэргийг сэргээн засварлаж, үзүүлэнд дэлгээд байна. Тэр үед монголчуудын өмсөж байсан тарваганы арьсан дээл хүртэл олдсон. Чингис хааны үед хэрэглэж байсан байлдааны зэр зэвсэг, хуяг, дуулга, нум сум, адууны агт араагаар хийсэн XIII зууны үеийн эмээл хүртэл энд бий.

-Улс даяараа цахимаар ажиллаж байхад музейн ажилчид л гэртээ ч харилгүй музей дээрээ хонон өнжин ажиллаж байсан гэсэн. Энэ тухай та сонирхуулаач?

       -Тэр үед манайд ковидын халдвар эрчимтэй тархаж байсан. Бүх ажилтан ковид тусчихсан халуурах нь, халуурч, сульдах нь сульдсан байв. Зарим нь бүр ухаан алдаж унахаас наагуур байсан ч “Бие өвдөж байна гэж ажлаас хойш суусангүй. Өглөө эрт эхэлсэн ажил дор хаяж 01:00 цаг хүргэж, түүнээс ч олон цагаар сунгаж ажиллах явдал гарч байсан. Бүгд л улсынхаа нэр нүүрийн төлөө хуваарьт ажлын дагуу ажил үүргээ гүйцэтгэнэ. Ухаан алдаж унаж байсан ч дусал хийлгээд л ажлаа үргэлжлүүлж байсан тохиолдол ч бий. Бараг л цэрэгжсэн системээр ажилласан даа. Захирал шөнө хоёр гурав хүртэл өөрөө давхар бүрийн тавигдах үзмэр дэглэлтийг тайлбарлаж, шалгаж дагуулаад явдаг байлаа. Үүрээр дахиад л ажил эхэлнэ. Манай залуус үнэхээр чин зоригтой, тэвчээртэй байсан шүү, улсаа бахархал, омогшил дүүрэн орчин үеийн музейтэй болгохын төлөө. 

         Хов хоосон харанхуй ханан дээр бид энэ музейд юу байрлуулах вэ гэдэг ойлголт өгнө шүү дээ. Ажилчид өдөр нь музей төлөвлөлтийн ажлаа хийгээд, 18:00 цаг гээд л тэр хоосон хананд юу хийж, яаж байрлуулах вэ гэдэг үндсэн ажилдаа орно. Цар тахлын үе учраас хоолны газрууд хаалттай. Дотроо хоолоо хийж иднэ. Шөнө дөл хүртэл ажиллаад, нэгдсэн унаагаар гэртээ хүргүүлдэг байсан нь харин сайхан байсан. Зарим нь музейд найман сар байрлаж, гэртээ ч харилгүй ажилласан. Гэхдээ музейн ажилчид нэг нь ч цаг наргүй ажиллаж байна гэж шантралгүй “Их хааныхаа түүхийг бүтээж, ирээдүй хойчдоо түүхийн асар том дурсгал үлдээж байна” гэж бахархаж бахдаж ажилласан. Музейг маш богино хугацаанд ашиглалтад оруулахын тулд бид календарчилсан төлөвлөгөөний дагуу, түүнийгээ яг мөрдөж ажилласан. Бид долоо хоногоор хэн юу хийх ёстой гэдэг төлөвлөгөө гарган яг таг биелүүлж байлаа.

УРАН БҮТЭЭЛЧИД ИХ ХААДЫН ХӨРГИЙГ МОНГОЛ ЗУРГИЙН АРГААР НАЙМАН САР ХЭВТЭЭГЭЭРЭЭ ЗУРСАН

-Музейд дэглэсэн үзмэрүүдээс хамгийн цаг хугацаа шаардаж, хүч зарцуулсан үзмэр юу байна вэ?

      -Буган чулуун хөшөөний хэв авах ажил амаргүй байсан. Зун авахад ч амаргүй ажлыг музейн ажилчид, судлаачид өвөл очиж авсан. Хасах 40 хэмийн хүйтэнд залуус майхан барьж, гал түлж байрлаад байгалийн дурсгалт тэр өвүүдийг гэмтээчихгүй, эх хувилбараар нь бодит мэт авчирна гэдэг чинь амаргүй ажил шүү дээ. Жавар тачигнасан хүйтэн шөнө майхандаа хоноод, үүр цайхтай зэрэгцээд л ажилдаа гарцгаана. Шөнө дөл болтол буган чулуун хөшөөнүүдийн хэвийг авсан. Ийм тохиол өмнө нь хэзээ ч байгаагүй гэсэн.

Түүнчлэн Хэнтий аймгаас Рашаан хадыг авчирч музейн үзмэрт тавьсан. Энэ хадан дээр эртний овог, аймгуудын 200 гаруй тамгыг сийлсэн байдаг юм. Түүхийн эх сурвалж болсон маш том чулууг тэр хэвээр нь авч ирнэ гэдэг амаргүй байсан. Мөн дээд тал нь 2-3 орчим тонн, доод тал нь 600 кг жинтэй буган чулуун хөшөөнүүдийг хэдэн талаас нь өргөж, заримыг нь онцгой байдлын өргөгч кран зэргийг ашиглаж, музейд авчирч тавьсан. Энэ бас их хүч шаардсан ажил байв.

Мөн Монголын их хаадын зургийг залуус найман сар музейд байрлаж, хэвтээгээрээ зурсан. Бод доо, хэвтэж байгаад зураг зурахын хажуугаар ур ухаанаа түүнд шингээнэ гээд. Тэд бол тэсвэр тэвчээрийн дээдийг харуулсан жинхэнэ монгол уран бүтээлчид.

Булшнаас олдсон дээл, хувцсыг сэргээн засварлах ажил мөн амаргүй байсан. Олон жил булш бунханд байсан эдлэл хэрэглэл элэгдэж, гандсан байна. Түүнийг нь яг л эдэлж, хэрэглэж байсан чигээр нь бодитоор үзүүлэхийн тулд олон хоног сууж, сэргээн засварласан. Гэхдээ манай өвөг дээдэс эдийн дээдийг хэрэглэж, идээний дээжийг хүртдэг байжээ. Бас дөрвөн давхрын Баян нуурын ажил, найман давхрын үүдэнд өлгөсөн нум сумуудыг тогтоох ажил маш хүнд байлаа. Нум сумын нэг л загварыг буруу хийж өлгөсөн бол бүгдийг нь эхнээс нь хийнэ шүү дээ. Хэд хоног хийсэн ажил хэд дахиж хийх явдал ч үүснэ. Найман давхарт өлгөсөн XIII зууны байлдааны үед хэрэглэж байсан нум сумнуудыг харваж эхэлснээс унах хүртэлх үйл явцын дагуу зүүсэн юм. Эхлээд өргөн дуслын системээр хамгаалалтыг тойруулж хийлээ. Загвар дизайн, өнгө үзэмжийн хувьд шаардлага хангадаггүй. Дахиад нарийн утсаар хийхээр болж байгаа юм чинь. Бүгдийг нь буулгаад л эхнээс нь хийж эхэлсэн. Энэ мэт деталь ажил маш их өрнөсөн гэсэн үг .

-Музейд Хүннүгийн хаан Модун Шаньюйгаас эхлээд хаад, хатдыг лааны тосон барилмаар урласан гэсэн. Энэ маш нарийн ажил байсан болов уу?

        -Түүхийн эх сурвалжид үндэслэн хаад, хатдыг лааны тосон баримлаар урласан. Нүүр болон биеийн эх загварыг гаргахаас гадна үс зүсийг нь хүртэл нэг бүрчлэн шигтгэж урласан. Хүннүгийн үед бунханд шарилаа хадгалж байсан түүхэн эх сурвалж байдаг. Энэ бунханг музейд тэр байдлаар нь дүрслэн үзүүлж, бунхнаас гарч ирсэн эдлэл хэрэглэл, бунхан дотор дүрсэлсэн зураг хөргийг зурж яг бодит мэтээр хийсэн байгаа.  Эртний хатдынх нь ээмэг зүүлтийг хүртэл ширхэг ширхгээр нь эвлүүллээ шүү дээ. Одоо музейг үзэхэд шилэн хоргонд юм өрөөд тавьчихсан юм шиг харагдаж байгаа биз. Гэхдээ энэ тийм биш. Наанадаж, газрын гүнээс олдсон элэгдэж өнгөрсөн хуучин эдлэлүүдийг гялалзтал өнгөлж, шинэ юм шиг харагдуулна. Утга агуулгыг нь алдуулахгүй нэг бүрчлэн өрнө. Энд маш олон хүний хөдөлмөр, ур ухаа, цаг хугацаа, сэтгэл шингэсэн.

ЧИНГИС ХААН МУЗЕЙ НҮҮДЭЛЧДИЙН ӨВ СОЁЛЫГ ХАРУУЛСАН ДЭЛХИЙН ТОП МУЗЕЙ

-Та яриандаа өөрсдийн хөрөнгөөр, монголчууд богино хугацаанд дэлхийд нэлээд дээгүүрт эрэмбэлэгдэх музей байгуулсан гэдгийг онцоллоо. Музей байгуулахад Монгол орны өнцөг булан бүрээс түүхч, эрдэмтэн, уран барималч, уран бүтээлч оролцсон гэдэг. Энэ тухай сонирхуулаач?

        -2019 оны Дубайн Ирээдүйн музейгээс хойш дэлхийн хэмжээний ийм том музей байгуулаагүй байлаа. Чингис хаан музей нүүдэлчдийн өв соёлыг харуулсан дэлхийн топ музей. Түүнчлэн энэ музей Монгол Улсын соёл урлагийн салбарт сүүлийн 100 жил бүтээгээгүй том хөрөнгө оруулалт. Чингис хаан музейг байгуулснаар монголчууд бүтээсэн түүхээ өөрсдөө авч үлдэх түүхийн асар том эх сурвалж болж байгаа юм.

Ийм дэлхийн хэмжээний бүтээн байгуулалт хийхэд дор хаяж 10 жил шаарддаг гэсэн. Зөвхөн үзүүлэн дэглэлтийг хийхэд л 5-7 жил болдог юм. Гэтэл манайх маш богино хугацаанд музейгээ ашиглалтад оруулсан. Энэ бол хамт олны минь тууштай хичээнгүй ажиллаж байсны үр дүн юм. Энэ бүхнийг ярьж байгаа нь бид зовлон тоочиж байгаа хэрэг биш. Бодит байдал дээрээ музейн ажил гэдэг маш том бүтээн байгуулалт гэдгийг үүгээр дамжуулан уншигчдад ойлгуулах гэсэн юм. Чингис хаан музейг байгуулсан хүмүүс хэний ч гуйлга, хэний ч шахалтгүй, чин сэтгэлээсээ энд ажилласан гэдгийг дурдах нь зүйтэй болов уу. Монголчууд өөрсдөө Их хаанаа үнэт зүйл болгож чадаж байна гэдгийн баталгаа энэ байлаа. Чингис хаан музейг дэлхийн жишигт нийцүүлэх гэж нарийн судалгаатай ажилласан. Музейг байгуулахад Монгол Улсын шинжлэх ухааны салбарынхан болон их, дээд сургуулийн эрдэмтэд Чухал үүрэгтэй оролцсон. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрөө маш их анхаарч байсан нь мөн бидэнд их тус болсон.

Дээр нь үзүүлэнд танилцуулсан олдвор бүр дээр шинжлэх ухааны судалгаанд үндэслэсэн тайлбар хийсэн. 10 мянган дурсгал дээр тайлбар хийсэн гэсэн үг. Энд Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Д.Рэгдэлээр удирдуулсан эрдэмтдийн зөвлөл ажилласан. Эрдэмтдийн зөвлөл судалгаа шинжилгээний багийг хариуцсан, чухал үүрэг гүйцэтгэсэн гэдгийг дурдах нь зүйтэй.

-Барилгын анхны загвар гарахад гаднын барилгыг дуурайсан гэх шүүмжлэл хүртэл гарч байсан. Энэ тухайд?

        -Чингис хаан музейн зураг төслийг архитектор Д.Балдан гуай амьд сэрүүн байхдаа хийсэн юм. Манайхан бүтээх биш, бүтээлгэхгүй байх зорилго давамгайлаад байх шиг санагдсан. Бид музейн гадна талаас эхлээд утга агуулгатай, түүхийн эх сурвалжийг өгүүлсэн байхаар хийсэн. Эрдэмтдийнхээ санал, дүгнэлтийг ч их авсан.

Есөн давхар нийт талбайгаараа 20500  ам метр буюу Азийн эхний 10 байрт эрэмбэлэгдэх том бүтээн байгуулалт юм. Барилгын хамгийн дээд хэсэгт алтан шонхор шувуу урласан. Алтан товчид гэрийн тооно дээр шонхор шувуу наран, саран атган нисэж ирээд, “жингэс, жингэс” дуугарч, Тэмүүжинг Чингис хаан хэмээн нэрлэсэн гэдэг домогтой. Үүнийг бэлгэдэж, шонхор шувууг хийсэн. Ингэхдээ шувууг дэлж биш шунгаж суусан байдлаар хийсэн.

Шонхор шувууны дээр нар, сар хийсэн нь Монголын эртний хаант улсууд нар, сарыг бэлгэддэг байсныг илтгэж байгаа юм. Мөн дээд талын бөмбөрцгийн оройд тоононы цамхраа бөмбөрцгийн урд талаар цагаан хаалт маягийн зүйл байгаа нь эсгий туургатан, нүүдэлчин соёлыг харуулсан. Барилгын урд талын гурван багана нь эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийг төлөөлж байгаа бол урд болон зүүн хананд нь эртний овог, аймгийн 300 гаруй тамганы хээг эх хувилбараас нь хуулбарлаж, сийлсэн. Энэ тамганы ард нэг овог, аймаг багтаж байна гэсэн агуулга бий.

Мөн гол хаалгыг алтан шаргал өнгөөр урлаж, Чингис хааны энх амгалангийн бэлгэдэл “Алтан гэрэгэ”-г хийсэн. Энэ нь музей хэн бүхэнд нээлттэй гэсэн санааг илтгэж байгаа юм.

ЧИНГИС ХААН МУЗЕЙД ДЭЛГЭСЭН ҮЗМЭРИЙН 90 ГАРУЙ ХУВЬ НЬ ЭХ ҮЗМЭР БУЮУ АРХЕОЛОГИЙН ДУРСГАЛУУД

    -Музей нээгдэхэд манайд Чингис хаантай холбоотой түүхий дурсгал бий юү гэдэг асуудал хүртэл хөндөгдөж байсан. Та бүхэн нийт 10 мянган гаруй үзмэр дэлгэсэн юм байна. Музейн санг хэрхэн бүрдүүлсэн юм бол оо?

         -Музейн олдворыг судлахад нарийн судалгаа хийдэг юм. Музейн олдворыг цуглуулахад их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд бидэнд маш сайн тусалсан. Энд хүмүүсийн нэг буруу ойлголт бий. Бусад музейгээс үзмэр авсан гэх. Тийм зүйл байхгүй. Бүх музей өнөөдөр хэвийн үйл ажиллагаа явуулж байна. Чингис хаан музей нээгдлээ гээд бусад музей хаалгаа барьчихаагүй л байгаа биз дээ.

Өмнө нь манай музейн фондод археологийн маш олон дурсгалууд зориулалтын бус орчинд хадгалагдаж байсан. Одоо дэлгээгүй 5000 гаруй үзмэр бий. Манайд түүхийн олдвор хангалттай байгаа гэдэг нь харагдаж байгаа биз. Одоо дэлгэсэн байгаа үзмэрийн 89 хувь нь эх үзмэр буюу археологийн дурсгалууд юм шүү дээ.

Мөн Сүхбаатар аймгийн Түвшин ширээт сумын Оорцог хаданд малтлага хийж, археологийн дурсгалуудаас нь үзмэрээ баяжуулсан. 2022 онд музейн найман танхимын 76 ширхэг шилэн хоргонд 9000 орчим үзмэр дэлгэжээ. Үүнээс 46 уран зураг, долоон лаан баримал, 38 хөгжмийн зэмсэг 25 хаад, язгууртны дээл, хувцас, 124 монгол дарханы бүтээл гэх мэт нийтдээ 270 гаруй урлагийн үзэгчдэд хүрчээ. Мөн ОХУ, АНУ, Франц зэрэг гадаадын 12 орноос 20 ширхэг үзмэрийн А хуулбар, 12 томоохон макет, 26 дижитал интерактив үзмэрээр музейн сан хөмрөгөө баяжуулсан байна. Гаднын улсуудад байгаа түүх, дурсгалын үзмэрийг цуглуулахад Гадаад харилцааны яам, Элчин сайдын яамд их дэмжлэг үзүүлсэн. Тухайлбал, Зүч хааны бунхны ордон, Рашид Адын судрын чуулганы эх хуулбарыг бид музейдээ тавьсан.

Чингис хаан музейн захирал С.Чулуун “Манайх Чингис хааны түүхтэй холбоотой дурсгалынхаа 10 хувийг л энэ музейд дэлгэсэн. Бүх дурсгалыг дэлгэвэл энэ хэмжээний дахиад 10 музей байгуулах боломжтой” гэж хэлсэн байдаг. Чингис хаан музейн үзмэртэй нэг бүрчлэн танилцана гэвэл наймаас дээш цаг болно. Дөнгөж үзээд гарч байгаа хүн л 3-4 цаг болж байгаа юм.

-Мэдээж музейг нээгээд л бүх ажил дуусчихгүй байх. Цаашид ямар ажил төлөвлөж байна вэ?

      -Музей бол соёл, шинжлэх ухааны маш том байгууллага. Манай гадаад харилцаа ч музей ашиглалтад орсноос хойш ажилттай сэргэж байна. Саяхан музейн захирал ОХУ-ын Эрмитажийн музейтэй хамтран ажиллах гэрээ байгуулж, дэлхийн томоохон музейнүүдтэй нягт хамтран ажиллахаар болоод байна.  Өнгөрсөн аравдугаар сард музейн нээлтээ хийснээс хойш 118 мянган хүн үзжээ. Үүний 60 хувь нь хүүхэд. Мөн 700 орчим гаднын жуулчин музей үзсэн гэсэн судалгаа гарсан. Тэгэхээр ирээдүй хойч үе маань Чингис хаан болон Монгол Улсын эртний түүхийн талаар мэдээлэлтэй болж, монгол хүн гэдгээрээ бахархаж байгаа болов уу. Энэ тоо өдөр ирэх тусам өсөн нэмэгдэж, гаднын жуулчдын анхаарлыг татаж байна. Боловсролын хөтөлбөр, аюулгүй байдал, үйлчилгээ, эрдэм судлал, бүртгэл мэдээлэл, сан хөмрөг хадгалалт, хамгаалалт гээд чиглэл бүрээр дагнасан томоохон судалгаа, танин мэдэхүйн ажлууд хийгдэж байна.

Ирээдүйд бид Чингис хаан судлалын төвийг энд байгуулна гэсэн зорилготой ажиллаж байна. Одоо бид музейгээ дэлхийд таниулах, монголчууд уламжлалт үүх түүхтэйгээ танилцах боломжоор хангах, музейн үйл ажиллагаагаа тогтвортой өргөн хүрээнд ажиллуулахаар хичээн ажиллаж байна.

Монгол Улсад сүүлийн 30 жилд нийгмийн салбарт хийгдээгүй том бүтээн байгуулалт төдийгүй соён гэгээрлийн төв болон өргөжих болно.

      -Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: Ergelt.mn Б.Бадралмаа

Scroll to Top