Б.Оюунсанаа: Улсын хэмжээнд энэ жил хамгийн багадаа 30 сая мод тарьж ургуулна

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд манай улс 42 сая мод тарьж, 63 сая тарьц суулгацыг бэлджээ. Тус хөдөлгөөний хүрээнд энэ жил хийх голлох ажлуудыг тодруулж Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын дарга Б.Оюунсанаатай ярилцлаа.

-Үндэсний хөдөлгөөн хэрэгжихийн өмнөх жилүүдэд бид хэдий тооны үрсэлгээ бэлддэг байв. Одоо энэ үзүүлэлт хэдэд хүрээд байна вэ. Энэ жил ер нь хэдий мод тарихаар төлөвлөөд байна вэ?

-“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг зарлах үед улсын хэмжээнд 306 мод үржүүлгийн газар үйл ажиллагаа явуулж байсан. Өнгөрсөн оны эцсийн байдлаар авч үзэхэд, мод үржүүлгийн газар 452 болж нэмэгдсэн байна. Одоогийн байдлаар, улсын хэмжээнд 12 тонн үрийн нөөцтэй болоод буй.

Энэхүү нөөц нь тухайн жилд тарих тарьц суулгацны нөөцөд хангалттай хүрэхүйц үзүүлэлт юм. Бүрдүүлээд буй үрийн нөөцийн дүнг харахад, бид богино хугацаанд ихээхэн ахицтай ажиллажээ. Энэ байдлаараа цаашид ажиллавал тарьц суулгацын нөөц хангалттай хэмжээнд хүрнэ. Бид нэг жилд 130-150 сая ширхэг тарьц суулгацыг тарьж байж, тэрбум мод тарих дэвшүүлсэн зорилтдоо хүрэх юм. Энэ жилийн хувьд улсын хэмжээнд хамгийн багадаа 30 сая мод тарьж ургуулах зорилттой яваа. 

-“Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг хангахын тулд хэдий тооны мэргэжлийн боловсон хүчин шаардлагатай байна вэ. Хүний нөөц бүрдүүлэх тал дээр хэрхэн ажиллаж байна вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг зарласнаар ой руу хандах иргэдийн хандлагыг эрчимтэй нэмэгдүүлсэн. Энэ нь бидэнд маш чухал хөрс суурь болж өгсөн. Ер нь улсын хэмжээнд 2000 ойн инженер болон удирдах түвшний хүмүүс шаардлагатай гэсэн тооцоо бий. Цаашлаад тарьж ургуулах чадвартай ажилтнуудыг бэлтгэх нь анхаарвал зохих асуудлуудын нэг юм. 

Бид өнөөгийн байгаа хүний нөөц, тэдний мэдлэг чадварт суурилж өнгөрсөн хоёр жилийн ажлыг ардаа орхилоо. Мэргэжлийн боловсон хүчний тоог нэмэхийн тулд их дээд сургуулиудтай хамтарч ажиллаж байна. Тухайлбал, өмнө нь ерөнхий эрдмийн хичээл үзчихсэн, өөр мэргэжлээр төгссөн төгсөгчдийг ойн инженерийн хоёр жилийн ангид элсэн суралцуулах боломжийг олгож байна. Хувийн хэвшлүүдийн зүгээс тэтгэлэгтэй хөтөлбөрийг зарлаад буй. МСҮТ-үүд ч мөн ялгаагүй шинээр боловсон хүчин бэлтгэх, өмнө бэлтгэсэн хүмүүсийг чадваржуулах тал дээр анхаарч ажиллаж байна.

Түүний зэрэгцээ эл хөдөлгөөнийг дагаад ажлын байрууд бий болж байна. Уул уурхайн компаниуд тодорхой амлалтуудыг авсан. Амлалтынхаа хүрээнд боловсон хүчнийг сургаж дадлагажуулах, тэдний тоог нэмэгдүүлэхэд өөрсдийн оролцоог хангаж ажиллаж байна. Түүнчлэн ойн инженерээр ажиллаж байсан олон жилийн туршлагатай хүмүүст ажил санал болгох замаар хүний нөөцийн бүрдүүлэлтийг хийж байна.

-Мод тариад орхих биш, арчилж ургуулах нь түүнээсээ ч дутахгүй чухал асуудал. Тухайлбал, усалгаа тал дээр сүүлийн үеийн дэвшилтэт технологийг хэрхэн нэвтрүүлж байна вэ?

-Мод тарихдаа усалгааны асуудлыг хамтад нь авч үзэхгүй бол болохгүй. Өнгөрсөн жил маш их үер буулаа. Уг нь бид тэр их усыг тогтоон барих  ёстой. Гэтэл урсгаад өнгөрчихсөн. Тийм байж болохгүй. Тиймээс хөв цөөрмийг бий болгох тал дээр онцгойлон анхаарч, цөөрмүүдийг үе шаттайгаар байгуулж байна. Цаашид өргөн цар хүрээтэй байгуулна.

Дараагийн нэг асуудал бол борооны усыг тогтоон барих явдал юм. Тухайн айл өрх, орон сууцныхан дээврээс бууж буй усыг саванд хурааж хуримтлуулдаг болох хэрэгтэй. Ингэснээр гадаргын усыг дээд зэргээр ашиглах бололцоо бүрдэж, гүний усаа ашиглахаас зайлсхийх боломж нээгдэнэ. Мэдээж бид нэг амьсгаагаар бүгдийг шийдэх бололцоо одоогоор байхгүй. Иймд цаашид дотоодынхоо нөөц бололцоонд тулгуурлаж, дараа дараагийн шийдлүүдийг алхам алхмаар хэрэгжүүлнэ. 

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш 42 сая мод тарьж ургуулаад байна. Үндэсний хөдөлгөөний хүрээнд улсын хэмжээнд нийт 39 зүйлийн 12.2 тн үрийн нөөц бүрдүүлсэн аж. Энэ оны үрийн нөөцийг 2021 оныхтой харьцуулахад 84 хувиар өссөн байна. Мод үржүүлдэг иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын тоо 2023 оны байдлаар 452-т хүрсэн нь үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш 32 хувиар нэмэгдсэн гэсэн үг юм. Эдгээр газрууд өнгөрсөн жил 63 сая ширхэг тарьц, суулгацын нөөц бүрдүүлсэн нь 2021 онтой харьцуулахад 41 хувиар өсжээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Scroll to Top