Агаарын тээврээр үйлчлүүлэгчдийн тоо 30.6 хувиар өсжээ

Олон улсын чиглэлд зорчигчид өмнөх оны мөн үеийнхээс 44.3 хувиар өссөн байна.

Агаарын тээврээр 2024 оны эхний дөрвөн сард 550.7 мянган хүн зорчсон нь өмнөх оны мөн үеэс 30.6 хувиар өссөн дүн болсныг Зам, тээврийн хөгжлийн яам мэдээллээ. Зөвхөн дөрөвдүгээр сард агаарын тээврээр нийт 138.7 мянган зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс 34.3 хувиар өссөн үзүүлэлт аж. Харин олон улсын чиглэлд зорчигчдын тоо өмнөх оны мөн үеийнхээс 44.3, орон нутгийнх 10.2 хувиар тус тус өссөн байна.

Олон улсад Сөүл, Бээжин, Истанбулын чиглэлд хамгийн олон хүн зорчсон бол орон нутагт Оюутолгой болон Ховдын чиглэлд зорчих хөдөлгөөн идэвхтэй байжээ. Засгийн газрын “Хямд тийз-Хүртээмжтэй нислэг” зорилтын хүрээнд өнгөрсөн оноос дотоод, гадаадын нислэгийн давтамжийг нэмэгдүүлээд байгаа юм.

Мөн тийзийн үнийг орон нутагт болон олон улсад Сөүл зэрэг зарим чиглэлд 1-3 дахин бууруулсан нь зорчигчийн урсгал нэмэгдэхэд нөлөөлжээ. Аялал жуулчлалын улирал эхэлсэнтэй холбоотойгоор зорчих хөдөлгөөн улам эрчимжих төлөвтэй байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Scroll to Top